Харилцааны стратегиийн тухай
Харилцаанд харилцах стратеги болон чадвар эв дүй гэж бий. Харилцааны тактик /эв дүй/ нь-тухайн нөхцөл байдалд тохирсон зохицсон дүрэм журмын мэдлэгийн хэм хэмжээг эзэмшснээр стратегийг /чиг шугам, чиглэлийг/ хэрэгжүүлдэг. өөрөөр хэлбэл харилцааны мэдлэгийн хэм хэмжээг хэрэглэж харилцахыг харилцааны тактик гэж болно. /Тэгэхдээ тухайн нөхцөл байдалд тохируулан хэрэглэх/
Харилцааны стратегид:
· Нээлттэй харилцаа
· Хаалттай харилцаа
· Хандсан буюу монолог харилцаа
Нээлттэй харилцаа: өөрийнхөө бодол санааг бүрэн илэрхийлэх хүсэл, чадвар болон харилцах хүний нөхцөл байдлыг хүлээж авахад бэлэн болох үед хэрэгждэг. Нээлттэй харилцааг явуулахад холбогдох үйл явцууд бэлэн байх ёстой. Үүнд: тухайн ярилцах сэдвээр харьцуулалт хийх зүйлүүд, бодол санаагаа солилцоход хэрэглэх зүйлүүд гэх мэт: Энэ үед харилцагчид чөлөөтэй нээлттэй харилцана.
Хаалттай харилцаа: өөрийн бодол санаа, өөрийн чиг хандлага, бодлоо бусдад илэрхийлэхийг хүсэхгүй юмуу эсвэл илэрхийлж чадахгүй байдаг. Хаалттай харилцаа ихэнх тохиолдолд тодорхой тохиолдол шалтгаанаар үүснэ. Үүнд:
- Ямар нэг сэдвээр харилцагч талууд ялгаатай, тухайлбал тэдний мэдлэгийн түвшин ялгаатай үед тэдний аль нэгд нь зориуд цаг зарцуулах, хүч гаргах бол хаалттай харилцаа явагдана.
- харилцааны явцад маргаантай нөхцөлд эсэргүүцэх талд нь бодол санаа, сэтгэл мэдрэмжээ нээх боломжгүй бол хаалттай харилцаа явагдана. Бас хагас хаалттай харилцаа гэж бий. Ийм харилцаанд нэг талын асуулга, лавлаж мэдэх зүйл байх ба энэ үед нөгөө талын хүнийхээбайр байдлыг тандах, илрүүлэхийг оролдоно. Гэвч өөрийн бодол санааг нээдэггүй. Харин харилцагч хүн “Асуудлыг зөвхөн өөрөө тавих” үед хүн өөрийн сэтгэл мэдрэмж, нөхцөл байдлыг нээлттэй илэрхийлдэг. Тэгэхдээ харилцагч хүн түүнийг сонсож, хүлээн авч байгаа эсэхийг сонирхохгүй.
Харилцааны стратегийн өөр нэг төрөл бол – хандсан харилцаа /монолог/ юм. энэ нь харилцан эрх тэгш хэлэлцэн ярилах хэлбэр биш, харин харилцагч хүн зөвхөн өөрөө бодлоо илэрхийлж харилцах хэлбэр.
Хандсан ярианы 2 хэв шинж бий. Үүнд: императив, манипулятив
Императив хэв шинжийн харилцаа: энэ хэв шинжийн онцлог нь: харилцагчийн зан үйл, дотоод сэтгэл санаанд хяналт тавьж өөрийн үүрэг зорилгыг хэрэгжүүлнэ. Мөн тодорхой үйлдэл, шийдвэрт хүрэхийн тулд санаачлагыг гартаа авч эзэмшин идэвхитэй нөлөөлөх процесс юм. энэ тохиолдолд харилцагчийгаа өөрийн үйл хөдлөл нөлөөллийн объект, гүйцэтгэгч болгон авч үздэг.
Императив харилцааны гол онцлогууд:
· захиран тушааж харилцах
· зааж зааварлаж харилцах
· шаардаж харилцах
· зөвлөж шаардаж харилцах
· харилцагчдад албан тушааж, тулган харилцах
Ийм байдлаар харилцаж, эцсийн зорилго, санаандаа хүрэхийг хичээдэг. Харилцааны императив талыг зөв зохистой, эв дүйтэй, ухаалгаар ашиглаж, зорилгодоо хүрч болно. Юуны өмнө тулгамдсан чухал асуудлыг шийдвэрлэх, аюултай онцгой байдал, ер бусын нарийн төвөгтэй нөхцөл байдалд харилцааны энэ хэлбэрийг ашиглаж болно. Жишээ нь: дээрх нөхцөл байдлын үед хүмүүсийн удирдаж зохицуулах, цэргийн үйл ажиллагааны тогтсон дэг журмыг биелүүлэх үед энэхүү харилцаа чухал үүрэгтэй. Гэвч хүмүүсийн өдөр тутмын жирийн хандлага, харилцаанд ялангуяа гэр бүлийн дотор эхнэр нөхөр, эцэг эх хүүхдийн хооронд императив харилцаа тохиромжгүй, харин ч янз бүрийн зөрчилдөөн үүсэх сэдлийг бий болгоно.
Сурган хүмүүжүүлэх ухаанд ч энэ харилцаа үр дүнд хүргэхгүй, багш сурган хүмүүжүүлэгчид, байгууллагын удирдлагууд тушаах, сүрдүүлэх, албан тулгах, цээрлэл үзүүлэх аргаар шаардлага тавихад харилцагчид өнгөн /гадна/ талдаа хүлээн авч буй мэт боловч сэтгэл зүйн хувьд хэзээ ч хүлээн зөвшөөрч, аятай байдлаар харилцахгүй. Ийм харилцааны дүнд нийгмийн хэм хэмжээ, үнэт зүйлс, дэг журмыг бий болгож болох боловч тэр нь түр зуурын өнгөн талын үзүүлэлт болох бөгөөд тэдний хувийн дотоод үзэл бодол, хүсэл тэмүүлэл, ухамсарын агуулга болон тогтохгүй, иймээс императив харилцааг хэрхэн яаж зохион байгуулах вэ? гэдгийг нарийвчлан бодох ёстой.
Хандсан яриа буюу хандсан харилцааны 2 дахь хэв шинж бол “Манипулятив” харилцаа юм. энэ нь хүмүүсийн харилцааны бас нэгэн түгээмэл хэв шинж. Хүн өөрийн сэтгэлд байгаа санаа бодлоо биелүүлэх, түүнд хүрэхийн тулд харилцагч хүнийхээ аязүй, эвийг олж түүнд тохируулан овжин үйлчлэх харилцаа юм.
Манипулятив харилцааны гол онцлогууд:
- Императив харилцаатай адил, өөрийн зорилгод хүрэхийн тулд харилцагч хүнээ объект гүйцэтгэгч байдлаар хүртэн хүлээн авах ба тэдний бодол санаа, зан үйлд хяналт тавина.
- Харилцагч хүндээ өөрийн бодол санаа, зорилгоо мэдээлэхгүй, түүнийгээ нуух юм уу өнгөлөн сольдог. Жишээ нь: зарим хүн хэн нэгэн хүнийг аргалж юм /шан харамж/ авахын тулд тэр хүнийг магтах, элдэв ааш зан гаргаж тэднийг уяруулж санасандаа хүрдэг. Эсвэл ямар нэгэн бүтэлгүй үйл хэрэг үйлдчихээд түүнийгээ нуух юмуу шийтгэл авахгүйн тулд элдэв ааш зан гаргаж зорилгодоо хүрэх гэх мэт. Энэ тохиолдолд харилцагч хүнд тухайн хүний сэтгэл биш, харин сайхан сэтгэлийг яаж ашиглаж зоилгоо биелүүлэх вэ? гэдгийг урьтал болгож явагдаж буй харилцаа юм.
No comments:
Post a Comment